Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм
Агаарын дундаж температурын хувьд: Ховд аймгийн хэмжээгээр агаарын дундаж температур 3.0 градус дулаан байлаа. Агаарын дундаж температурыг бүс нутгаар авч үзвэл Их нууруудын хотгорын сумдаар 2.3-4.1 градус дулаан, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 3.8-4.8 градус дулаан, Өндөр уулын бүсийн сумуудын нутгаар 0.0-1.8 градус дулаан байлаа. Агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад Их нууруудын хотгорын ихэнх сумдын нутаг болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар 1.0-2.3 градус дулаан, Өндөр уулын бүсийн ихэнх сумууд олон жилийн дунджийн орчим байлаа. Өндөр уулын сумдаас Дуут сум олон жилийн дунджаас 1.9 градусаар дулаан байсан байна.
Aгаарын үнэмлэхүй бага температурын хувьд: 2023 оны хүйтний улирлын /1-2,12 саруудад/ түүвэр судалгаанаас харахад ихэнх нутгаар 31-41 градус хүрч хүйтэрсэн. Булган, Алтай,Үенч сумдад 1 дүгээр сарын дунд болон сүүлийн 10 хоногт -41.0 хэм хүрч хүйтэрсэн. 2023 оны 1,2 болон 12 дугаар саруудад нийт нутгаар агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн хоног Их нууруудын хотгорын сумдаар 2-12 өдөр, Өндөр уулын бүсийн сумдаар 3-28 өдөр, Алтайн өвөр говийн сумуудын нутгаар 11-23 өдөр ажиглагдсан бол хамгийн олон ажиглагдсан нь Цэцэг сум 28 өдөр -30 градусаас доош орж хүйтэрчээ. 1 дүгээр сарын 2,3-р 10 хоногт ихэнх нутгаар хүйтэн олон өдөр үргэлжилсэн байна. Өндөр уулын сумдаас Цэцгээс бусад сумдад энэ жил -30.0 граудасаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо цөөн ажиглагджээ.
Aгаарын үнэмлэхүй их температурын хувьд: Агаарт хамгийн их дулаан нийт нутгаар ойролцоо 27-38 хэм хүрч халсан байна. Хамгийн их температур нь Зэрэгт 38, Булганд 37, Мянгадад 37 хэм хүрч халсан. Энэ жилийн хувьд зуны 6,7,8 дугаар саруудад болон 9 дүгээр сарын эхний 10 хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумуудаар их халсан байна. 7 дугаар сарын дунд болон сүүлийн 10 хоногуудад халалт хамгийн олон хоногоор үргэлжилжээ.
Дулааны улиралд /6-8 сарууд/ агаарт +30 хэмээс давж халсан хоногийн тоо нийт сумдаар 1-53 хоног ажиглагдсан. Алтайн өвөр говийн сумдаар 6,8 дугаар саруудад, Их нууруудын хотгорын сумуудад 7,8,9 дүгээр саруудад нэлээд халж 30 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилсэн. Энэ жил өндөр уулын бүсийн сумдын ихэнх нутгаар агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо 1-12 өдөр ажиглагдсан. +30 градусаас дээш гарч халсан өдрийг сумдаар авч үзвэл Зэрэгт 53, Булганд 42, Дөргөн 40, Манхан 38, Эрдэнэбүрэн, Мянгад 32, Дарви,Үенч, Алтай, Жаргалант сумдад 23-27 өдөр бусад сумдын нутгаар 1-12 өдөр тус тус ажиглагдсан. Өндөр уулын сумдаас Мөнххайрханд +30.0 градусаас давж халаагүй байна.
Хөрсний температурын хувьд: Энэ жилийн хувьд хур тунадас бага хөрсний чийг дутмаг хөрсөн дээрээ нэлээд халалт ихтэй жил байлаа. Хөрсний дундаж температур нийт нутгаар 3-9 градус байсан байна.
Хөрсөн дээр -40 хэмээс доош орж хүйтэрсэн хоногийн тоо 1 сарын дунд болон сүүлийн 10, 12 дугаар сарын сүүлийн 10 хоногт Алтай, Булганд 7, Үенчид 4 хоног тус тус ажиглагдсан. 2023 оны 01 дүгээр сарын дунд 10 хоногт хөрсөн дээрээ цасан бүрхүүлтэй байсан. Алтайн өвөр говийн сумдын нутгаар -40.0-41.0 градус хүрч хүйтэрчээ.
Хөрсөн дээрээ +40.0 хэмээс дээш халсан өдрүүдийг авч үзвэл:
Хөрсөн дээр +40.0 хэмээс дээш халсан өдрийн тоо Алтай, Дарви, Цэцэг, Эрдэнэбүрэн, Манхан, Булган, Зэрэг сумдаар 122-134 өдөр бусад сумдын нутгаар 64-116 хоног тус тус үргэлжилсэн байна. Зуны болон намрын эхэн сардаа агаар, хөрсөндөө нэлээд халалт, хуурайшилт ихтэй жил байв.
Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдаар хөрсөн дээрээ 58-65 градус хүрч халсан. Хөрсөн дээр хамгийн их температур Зэрэг суманд 07 дугаар сарын 2-р 10 хоногт 65 градус хүрсэн ба нийт нутгаар хөрсөн дээрх халалт нэлээд олон хоног үргэлжилсэн.
Цасан бүрхүүлийн хувьд: Энэ жилийн хувьд оны эхний 1 дүгээр сард Их нууруудын хотгорын сумуудад 0-3 см, 10 баллын цастай, Алтайн өвөр говийн сумуудаар өмнөх оны сарууд болох 11,12 сард цас ахиу хэмжээгээр орж цасан бүрхүүл тогтсон ба 1 сард цасны зузаан Алтай, Булган, Үенч сумдад төвдөө 15-20 см, 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны нягт 0.15-0.17 г/см3 байсан. Гуу жалга, хунгарласан газраа цасны зузаан 80-120 см хүрсэн. Манай аймгийн хэмжээгээр 2023 оны мал өвөлжилтийн байдал оны эхээр Алтайн өвөр говийн сумуудын нутгаар хүндэрч малчид цас багатай газар луу нүүдэл хийх малаа оторлох зэргээр орон нутаг өвөлжилтийг зохицуулж ажилласан. 2,3 дугаар саруудад цас багатай оны сүүлийн 11,12 дугаар саруудад нийт нутгийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүлтэй цасны зузаан 0-4 см цасан бүрхүүлтэй байсан.
Салхи шуурганы хувьд: Энэ жилийн хувьд хаврын саруудад /4,5 / өвлийн 12 дугаар сардаа хүчтэй салхи шуурга ихтэй байлаа. 04 дүгээр сарын II 10 хоног, 12 дугаар сарын эхний 10 хоногуудад нийт нутгийг хамарч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхи шуурга ажиглагдсан. Салхины хамгийн их хурд 24-43 м/с хүрсэн байна. Жилийн турш салхины их хурдыг авч үзвэл: Их нууруудын хотгорын сумуудаар 22-43 м/с, Өндөр уулын бүсийн нутгаар 22-34 м/с, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 14-22 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурчээ. 12 дугаар сарын I 10 хоногт нийт нутгийн хамарч хүчтэй фён салхи салхилж Зэрэг суманд салхины хурд 43 м/с хүрсэн байна. Энэ жилийн хувьд Өндөр уулын болон Их нууруудын хотгорын сумдаар хүчтэй салхи шуурга ихтэй байлаа.
10 м/с ээс дээш өдрийн тоог графикаас харахад Цэцэг, Чандмань, Зэрэг, Манхан, Мөст, Ховд, Мөнххайрхан сумдад хамгийн олон 135-295 хоног ажиглагдсан. Сард 10 м/с дээш салхитай өдөр тоо сарын турш ажиглагдсан сумууд олон байна.
Хур тунадасны хувьд: Тухайн жилд орсон хур тунадасны жилийн түүврээс харахад Ховд аймгийн нийт нутгаар жилдээ 1666.5 мм хур тунадас орсон. Жилийн ихэнх хур тунадас 5 дугаар сарын эхний 10 хоногт 383.3, 7 дугаар сарын дунд 10 хоногт 213.0, 8 дугаар сарын эхний 10 хоногт 123.9 мм орсон байна. Энэ жилийн хувьд нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай жил байлаа.
Судалгаанаас харахад жилийн хамгийн их хур тунадас орсон сумдыг авч үзвэл Жаргалантад 200,5 мм, Дарвид 182.6 мм, Чандмань, Дуутад 162.2 мм хур тунадас орсон байна. Энэ жилийн хур тунадасыг олон жилийнхтэй харьцуулбал
Жаргалант, Дарви, Мянгад, Дуут сумдад олон жилийн дунджаас ахиу, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдад олон жилийн дундажаас бага бусад сумуудын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон. 05 сарын I хоногт Манхан суманд хамгийн их 48.7 мм, III 10 хоногт Дарвид 51.2 мм тунадас орсон байна.
Ургамлын гарц, зуншлагын байдал Манай аймгийн нийт нутгаар энэ хавар ургамал оройтож цухуйсан ба цас ихтэй байсан. Алтайн өвөр говийн сумдын нутгаар 5 сарын эхний 10 хоног, Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүс нутгаар 5 дугаар сарын 2-р 10 хоногоос ургамал цухуйж эхэлсэн. 5 дугаар сард нийт нутгаар ахиу хэмжээний цас орсон нь хөрсөнд хангалттай хэмжээний чийг өгч ургамал ургах нөхцөл бүрдсэн. Зуны эхэн саруудад Их нууруудын болон Өндөр уулын бүсийн сумдад харьцангуй хур тунадас гайгүй орсон хөрсний чийг сайн байсан нь ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж Жаргалант, Чандмань, Зэрэг, Дарви, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Цэцэг сумдад зуншлага хэвийн сайн байлаа. Алтайн өвөр говийн сумдын нутгаар 6,7 дугаар сард хур тунадас бага орсон, их халалтаас бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөө үзүүлж бэлчээрийн ургамал хатаж зуншлагын байдал муудах гол шалтгаан болсон байна. Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 80 орчим хувьд зуншлага дунд зэргийн буюу гандуу гэсэн үнэлгээтэй байсан.
Аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
14% нь 0-50,0 хувь (бэлчээрийн нөөцтэй)
13%нь 50,1-100,0 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
39% нь 100,1-300,0 хувь(даац 1-3 дахин хэтэрсэн)
7% нь 300,1-500,0 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн
байдалтай гарсан байна. Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нийт нутгийн 27 (27.1) орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 39 (38.8) орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 34 (34.1) гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарлаа.
МАА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн байдал: Өнгөрөгч хаврын эхэн сардаа нийт нутгаар цас багатай дулаахан байсан боловч мал ид төллөх үеэр хүчтэй шороон шуурга шуурч хүйтэн хавсаргатай байсан нь нялх төл болон тарга тэвээргээ алдаж муудсан малд тааламжгүй нөлөөлж малын хорогдол гарах нөхцөл бүрдсэн. Мөн 05 дугаар сард нийт нутгаар цас орж хүйтэрсний улмаас малын бэлчээрлэлт хүндэрч Их нууруудын хотгорын болон Өндөр уулын сумуудад мал бэлчээрт гаралгүй 3-7 хоног саатсан.
Нийт сумдын малын тарга хүч муу, малын зүй бусын хорогдол ихтэй байлаа. Малын усан хангамж дунд зэрэг цасан бүрхүүлтэй үед цасны усаар, худаг болон гол горхи, харз, булаг шандны усаар ундаалж байв. Нийт сумдын нутгаар хур тунадас орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт муу, мал ногоонд цадах боломжоор тааруухан байлаа.
ТОЙМ БИЧСЭН ХААЦУ-ЫН АХЛАХ ТЕХНИКЧ Ж. ЖАРГАЛЗАЯА
2024 оны 01 дүгээр сарын 22